P2014-05-16 - Монгол улс


Монгол Улс нь Төв Азид орших улс юм. Хойд талаараа ОХУ, бусад талаараа БНХАУ-тай хиллэдэг бөгөөд Монгол улсын баруун хил Казахстанаас 38 километр зайтай байдаг. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь нийт хүн амын 40 гаруй хувь нь оршин суудаг Улаанбаатар. Улс төрийн засаглалын хэлбэрийн хувьд нэг танхимт парламенттай бүгд найрамдах улс болно. Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд, хууль тогтоох эрхтэй буюу төрийн дээд байгууллага нь Улсын Их Хурал юм. Монгол улс нь Монгол (95%), Казах (4.9%), болон бусад (0.1%) үндэстнүүдээс бүрдэх 2.9 сая хүн амтай. Монгол улс нь далайд гарцгүй бөгөөд Бурханы шашин нийт хүн амын дийлэнхэд нөлөөтэй юм. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 19-д жагсдаг. Далайн түвшнээс дээш дунджаар 1,580 метрт өргөгдсөн байдаг бөгөөд хүн ам болон газар нутгийн харьцуулалтаар дэлхийн хамгийн хүн амын нягтрал багатай улс юм. Нутгийн дийлэнх нь тал, хээр бөгөөд хойд болон баруун талаар Алтай, Хангай, Хэнтий нурууд, бусад салбар уулс сунан тогтсон ба өмнөд хэсэгт говь зонхилно. Хөдөө аж ахуйн салбарт бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг, мөн гол мөрнүүдийн ай сав газруудаар улаан буудай, хүнсний ногоо голчлон тариалдаг. Нүүрс, төмрийн хүдэр, зэс зэрэг ашигт малтмалын нөөцөөр баялаг. Монгол орноос эртний шим судлалын олдвор арвин олддог. Евразийн нүүдэлчдийн анхны төрт улс гэж алдаршсан Хүннү НТӨ 209 онд өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэрт төвлөн байгуулагдаж байв. Түүнээс хойш Монголын тал нутагт Түрэг болон өвөг монгол хэлтэй олон улс ээлжлэн оршин байсан бөгөөд XIII зууны эхээр тархай бутархай монгол аймгуудыг Чингис хаан нэгтгэж Их Монгол Улсыг байгуулжээ. 1228 онд Өгэдэй хаан түүнийг залгамжилж, хожим нь 1279 онд Чингис хааны ач Хубилай хаан Юань улсыг Одоогийн БНХАУ-ын нийслэл Бээжинд төвлөн байгуулсан байна. Юань улс унасны дараа XIV зууны үеэс монголчууд Цагаан хэрэмнээс хойших газар нутагтаа үргэлжийн дотоодын дайн самуунтай бага хаадын үеийг туулжээ. 1604-1634 онд хаан суусан Лигдэн хаан Манжуудын эсрэг монголчуудыг дахин нэгтгэхийг оролдсон боловч түүнийг нас барсны дараагаар монголчууд Чин улсын эрхшээлд хэсэг хэсгээрээ оржээ. 1636 онд Манжууд Өвөрмонголыг, 1691 онд Халх монголыг, 1757 онд Ойрад монголыг эзлэн авснаар бүх Монголыг эзэлжээ. 1911 онд Чин гүрэн нурах нь тодорхой болсноор монголчууд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж Богд хаант Монгол улсыг байгуулжээ. 1945 онд ЗХУ-аас бусад гадаадын улсуудаар хүлээн зөвшөөрөгдөж, 1961 онд НҮБ-ын гишүүн, бүрэн эрхт улс болсон. 1924 оны үндсэн хуулиар Бүгд Найрамдах Монгол Ард Улс нэртэй болж, ЗСБНХУ-ын нөлөөгөөр эв хамт улс төрийн дэглэм, нийгэм журмын эдийн засгаар замнасан. 1990 онд бусад социалист улсуудын адил ардчилсан дэглэм, зах зээлийн эдийн засагт шилжсэн.
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax